Tuesday, December 6, 2011

Сонин содон

Амьдрал дургүй зүйлсээ хийж өнгөрөөхөд дэндүү богино, дэндүү хайран. Энэ үгийг унших бүрт дотор нэг л сонин болох юм. Би гэдэг хүн аливааг хийхдээ дурлаж хийдэг үү, шахуулж, хүчээр хийдэг үү? 

Энэ асуултын хариу нь бараг бүхэлдээ шахуулж, хүчээр хийдэг гэдэг дээр бууж байх шиг. Үүний шалтгааныг хайж олоход тийм ч хэцүү зүйл биш юм. Багадаа ээж, аав, эгчээр хийх зүйлсээ тодорхойлуулж, түүнийгээ загнуулж зандруулан байж хийдэг байждээ. Цэцэрлэг, сургуульд ороод багш нараар, томрох бүрт сайн найзуудын хатуухан үгсээр гэх мэт. Одоо эрийн цээнд хүрээд удаж байгаа ч ямар нэг төрлийн дарамт шахалтгүйгээр хөдлөхөө байснаа ойлгож байх шиг. Энэ бүхний бурууг бусад руу чихэхэд мөн л амархан юм. Тэд намайг тийм зантай болгож өсгөөгүй бол, тэд миний хийх зүйлсийг бүхэлд нь томъёолоогүй бол, тэд... Гэвч эцсийн шийдвэрийг би гаргадаг болсноос хойш мөн л нялхын зангаасаа салаагүй миний түмэн буруу. 

Яг сая гэнэт толгойд хэзээ ч бууж байгаагүй сайхан мэдрэмж төрлөө. Ном унших, баримтат кино үзэх, энд тэндхийн сонин сайхан үзэгдлийг судлах, аялах, сайхан хоол хийх, суралцах гэх мэт мэдрэмжүүдийг би өмнө нь хэзээ ч ийм байдлаар мэдэрч байгаагүйсэн. Гэтэл сая хэзээнээс л мөрөөдөж түүний төлөө амьдарч буй хүн шиг бүхнийг мэдэх гэсэн шунахай мэдрэмж цээж дэлсэх нь хачирхалтай л юм. Хэнээр ч хэлүүлэлгүй үүнийг л хийх ёстой юм шиг... Хэнээр ч шахуулалгүй бүхнийг өөрөө нээх ёстой юм шиг... Сонин л юм. Зиа байз энийг би ЭРХ ЧӨЛӨӨ гэх ёстой юм байна.

No comments:

Post a Comment